
Синьхуа агентлагийн Лизагийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жан Гүө-Ин\ Авлигын хэрэгт холбогдсон Перугийн Ерөнхийлөгч асан Алан Гарсиа энэ сарын 17-ны өглөө Перугийн шүүхээс түүнийг баривчлахаар болсныг мэдсэн даруйдаа амиа хорложээ.
Перугийн шүүхээс тухайн өдрийн өглөө мэдээлснээр, мөрдөн байцаалтад шалгагдаж байсан Гарсиаг 10 өдрийн хугацаатай баривчлахаар цагдаа нар түүний гэрт очсон байна. Баривчлагдахгүйн тулд Гарсиа толгой руугаа буудсан тул яаралтай мэс засалд оруулахаар эмнэлэгт хүргэсэн ч хэдэн цагийн дараа тэрээр нас баржээ.
69 настай Гарсиа Перугийн Ерөнхийлөгчөөр 1985-1990, 2006-2011 онуудад хоёр удаа ажиллаж байжээ. Бразилийн шүүх 2014 онд авлигын эсрэг мөрдөн байцаалтыг эхлүүлж, Бразилийн барилгын толгой бизнесменүүд Засгийн газрын төслийн гэрээг авахын тулд Бразил болон Өмнөд Америкийн улстөрчдөд хээл хахууль өгсөн нь илэрсэн байна. Перугийн прокурор Гарсиаг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Бразилийн “Одрбехт” компаниас авлига авч “Лоза” хотын метроны төсөлтэй гэрээ байгуулахад нөлөөлсөн хэмээн үзсэн аж. Үүнээс гадна Бразил дахь бага хуралд оролцохоор тус компаниас 100 мянган доллар авсан хэмээн сэжиглэж байсан юм.
2018 оны 11 дүгээр сарын 17-нд Перугийн Дээд шүүх 18 сарын дотор Гарсиаг хилээр гарах эрхийг хассан байсан. Түүнчлэн тэр өдөр Гарсиаг Ерөнхийлөгч байх үед ажиллаж байсан Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Луис Нава, Газрын тосны компанийн дэд захрал Мигель Атала нарыг баривчилсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


