
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 20-нд Манилад хүрч, Бүгд Найрамдах Филиппин улсад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.
Орон нутгийн цагаар 20-ны 11:45 минутад Ши Жиньпингийн тусгай нисэх онгоц Манилагийн Акиногийн олон улсын нисэх буудалд газарджээ. Ши Жиньпин онгоцноос буухад Филиппиний Засгийн газрын өндөр албан тушаалтнууд халуунаар угтан авлаа. Цэргийн хамтлаг ая дуу эгшиглүүлж, хүндэт харуулын цэргүүд улаан хивсний хоёр талаар жагсан, хүүхэд залуус Ши Жиньпин даргад мэлрэг цэцэг барьсан байна.

Ши Жиньпин дарга Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Филиппиний Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Тэрээр, “Хятад, Филиппин бол хаяа нийлсэн найрсаг хөрш орон юм. Ерөнхийлөгч Дутерте Засгийн эрх барьснаас хойш хоёр талын хамтын хүчин зүтгэлээр Хятад Филиппиний найрсаг хамтын ажиллагааны үүд хаалга дахин нээгдэж, хоёр орны ард түмэнд үр ашиг хүртээсэн төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр орууллаа. Хятад Филиппин бол Азийн хөгжиж буй орнууд, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогц. Найрсаг хөрш байх нь хоёр орны цорын ганц зөв сонголт юм. Айлчлалын хугацаанд би Филиппиний удирдагчидтай хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцохыг хүсч байна. Энэ удаагийн айлчлалаар уламжлалт найрамдлаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хөгжлийн зорилтоо биелүүлэхийн төлөө хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хөршийн харилцааг шинэ эрч хүчээр сэлбэн, хоёр орны ард түмэнд үр шимээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.


Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


