Хятад, Монголын Залуучуудын нөхөрсөг уулзалт арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө
2018-01-24 12:31:31 Эх сурвалж: CRJ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

1-р сарын 19-нд, 2018 оны Хаврын баярыг тохиолдуулан зохион байгуулахаар төлөвлөсөн олон ажлын нэг болох “Хятад, Монголын Залуучуудын нөхөрсөг уулзалт” арга хэмжээг БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв болон БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Элчин сайд Шин Хаймин, Соёлын зөвлөх Ли Вэй, Улс төрийн газрын дарга Гу Имин зэрэг БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны дипломатчид болон Монгол Улсын Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа зэрэг урьд өмнө БНХАУ-д суралцаж байсан Монголын засгийн газар, бизнесийн болон оюутнуудын төлөөлөл, Монголын томоохон хэвлэл мэдээллийнхнээс бүрдсэн 300 гаруй хүн оролцов.

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-д суралцаж төгсөөд эх орондоо ирж Монгол улсын бүтээн байгуулалт, Хятад Монголын нөхөрсөг харилцаанд хувь нэмрээ оруулж буй шилдэг төгсөгчдөд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ: Хятад, Монгол хоёр улс хаяа нийлсэн сайн хөрш, сайн найз, сайн түнш. 2014 онд Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн айлчлал амжилттай болж, Хятад, Монгол хоёр улс иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш, айлчлалын үр дүн болгож Монголын талд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн 1000 оюутны орон тоо өгсөн бөгөөд үүнээс хойш холбогдох квот тасралтгүй өсөж, жил бүр олон тооны монгол шилдэг залуус Хятад улсад суралцахаар зорьж байгаа бөгөөд эдгээр залуус эх орондоо эргэж ирээд Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, хоёр орны харилцаа тасралтгүй урагшлахад мэдлэг чадвараараа хувь нэмэр оруулж байна гэжээ.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ: Саяхан улиран одсон 2017 онд, ХКН 19 дүгээр их хурлаа амжилттай зохион байгуулж, Хятад улсын дараагийн шатны хөгжлийн зорилт, стратегийг тодорхойлж, мөн “Нэг бүс Нэг зам” санаачилгыг дүүлэн нисэх далавчтай болгож өгсөн бөгөөд Монгол улс зэрэг хөрш зэргэлдээ орнууддаа цоо шинэ хөгжлийн боломжуудыг нээж өгсөн юм. Ойрын жилүүдэд, хоёр улсын хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, улам олон Монгол залуус хятад хэл сурах, Хятадын соёлыг ойлгох хүсэлтэй болж, Хятад улсад очиж суралцаж байгаа бөгөөд төгсөж ирээд өөрийн судалсан мэргэжлийнхээ дагуу Монгол улсын бүтээн байгуулалт, Хятад, Монголын харилцааны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Одоогийн байдлаар Монгол улсаас БНХАУ-д суралцаж байгаа гадаад оюутны тоо арван мянгад хүрээд байгаа бөгөөд үүнээс долоон мянга орчим нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан байна. Цаашид энэ тоо улам бүр өсөх бөгөөд Хятадын тал Монголын талтай идэвхтэй хамтран ажиллаж, Ши Жиньпин даргын Монгол улсад хийсэн айлчлалын үр дүнг бодитоор хэрэгжүүлэн, Монгол улсын хөгжилд мэдлэг чадвартай, илүү олон шилдэг боловсон хүчнийг бэлтгэж өгөх болно гэжээ.

Монгол Улсын Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа болон БНХАУ-д суралцагч шилдэг оюутнуудын төлөөлөл тус тус хэлсэн үгэндээ: БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ болон Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвөөс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаад талархаж байна. Ирээдүйд Монголын олон олон залуус Хятад улсад суралцаж, Монгол улсын хөгжил, Хятад-Монгол хоёр орны найрамдалд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ. Уулзалтын үеэр Монголын Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга уран сайхны тоглолт хийж, "Улаан туг", "Тэр өдөр", "Хун Янь" зэрэг олны түмний дунд түгсэн хятадын алдартай дуунууд эгшиглэхэд цугласан олон халуун алга ташилтаар таатай хүлээн авч байлаа.

Арга хэмжээ өндөрлөсөн ч зочид халуун дотно яриа өрнүүлсээр байсан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122307527