“Монголын нууц товчоо” олон улсын анхдугаар хуралд 200 эрдэмтэн судлаач оролцож байна
2018-09-17 10:45:50 Эх сурвалж: Синьуха кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьуха кирилл нетийн Улаанхадын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \С.Уяхан\ Өвөр монголын их сургууль /ӨМИС/-иас зохион байгуулж буй “Монголын нууц товчоо” олон улсын анхдугаар хурлын нээлтийн ёслол өчигдөр Улаанхад хотын Баарин зүүн хошууны Линьдүн сууринд боллоо.

Нээлтийн ёслолыг ХКН-ын ӨМИС дахь намын хорооны нарийн бичгийн дарга, ӨМИС-ийн удирдах комиссын дарга Жү Бинвэнь нээж үг хэлэв. Мөн Улаанхад хотын Баарин зүүн хошууны дарга Мөнхдалай гадаад дотоодын эрдэмтэн судлаачид эртний Ляо гүрний дээд нийслэл байсан Линьдүн сууринд хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд хурлын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөнө гэдэгт найдаж байна гэв.

Дараа нь ӨМИС-ийн монгол судлалын дээд сургуулийн орлогч захирал Содбилэг “Монголын нууц товчоо судлалын төв” байгуулагдсан тогтоолыг уншиж сонсгосон бол ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн хүндэт профессор, “Монголын нууц товчоо” судлаач Бүрэнбатыг уг төвийн даргаар томилсон болохыг зарласан юм. Үүний дараа Жү Бинвэнь, Мөнхдалай, ӨМИС-ийн хүндэт профессор Цойжонжав, Б.Гэрэлт нар “Монголын нууц товчоо судлалын төв” -ийн хөшгийг сөхлөө.

Хуралд хүрэлцэн ирсэн хувь хүн, албан байгууллагуудын төлөөлөл энэ үеэр уг төвд ном хандивласан ба “Монголын нууц товчоо судлалын төв"-ийн цаашдын ажилд нь амжилт хүсч байв. Уг арга хэмжээнд АНУ, ОХУ, Япон, БНСУ, Монгол Улс, Хятадын Тайвань болон дотоодын их дээд сургуулиудын нийт 200 гаруй эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийнхэн оролцож байна.

Хурлыг ӨМИС голлон зохион байгуулж, Улаанхад хотын Баарин зүүн хошууны Засгийн газар хамтран ажиллаж байгаа ба энэхүү арга хэмжээ нь энэ сарын 16-17-ны өдрүүдэд болох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123440461