Хятадын Морины соёлын II наадам болон Морины соёлын олон улсын анхдугаар үзэсгэлэн ирэх есдүгээр сард ӨМӨЗО-д болно. Энэ үеэр “Талын монгол гэр” сэдэвт монгол гэрийн дизайны тэмцээнийг ӨМӨЗО зохион байгуулна.
ӨМӨЗО-ы намын хорооны ухуулах хэлтсийн байнгын хорооны орлогч дарга, хэвлэл мэдээллийн газрын дарга Жөү Чүньже энэ сарын 17-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Тэмцээн нь нэгд сонгосон бүтээлийг барьж босгон хүмүүст бодитоор үзүүлж, монгол гэрийн уламжлалт элемент болон орчин үеийн технологи, шинэ материалыг хэрхэн хослуулан ашиглаж буй тухайд ойлгуулах, хоёрт монгол гэрийн сэдэвт форум, дизайны мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, урчууд, малчид зэрэг хүмүүсийг урин оролцуулж монголын гэрийн хөгжлийн хандлага ба ирээдүйн үнэ өртгийн талаар уулзалт яриа зохион байгуулах гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ” хэмээн танилцуулжээ.
Уг тэмцээнд Чинхуа их сургуулийн барилга архитектурын сургууль, Тяньжин их сургуулийн барилга архитектурын сургууль зэрэг 20 гаруй барилга архитектур урлагийн сургууль, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль зэрэг гадаадын 5 барилга архитектур урлагийн сургууль, Монгол Улсын урчуудын эвлэл зэрэг дотоод гадаадын 20 гаруй байгууллага оролцох юм. Тэмцээн эхний гурван байрыг шалгаруулах ба шагналын нийт сан 500 мянган юань аж.
Бэлтгэсэн нь:Д Баясал


