Ши Жиньпин дарга Филиппиний Ерөнхийлөгчтэй уулзав
2018-11-21 10:20:39 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Манилагийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ Хятад улсын дарга Ши Жиньпин өчигдөр Манилад Филиппиний Ерөнхийлөгч Дутертетэй уулзав. Төрийн тэргүүн нар хоёр талт харилцааны цаашдын хөгжлийн талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Филиппиний иж бүрэн стратегийн харилцааг эрх тэгш, харилцан ашигтай, хамтаар хожих зарчимд тулгуурлан илүү эрчтэй хөгжүүлэх болно гэжээ.

Ши Жиньпин, “Филиппинд айлчилж байгаадаа баяртай байна. Хятад, Филиппин бол найрсаг хөршүүд, хамтран ажиллаж хамтаар хожих бол хоёр талын цорын ганц сонголт юм. Эрхэм Ерөнхийлөгч бид хоёрын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд 6 дахь удаагаа уулзаж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар олон салбар дахь хамтын ажиллагаа амжилт ололт ихтэй байж, Хятад, Филиппиний харилцаа түүхэн шинэ шатанд орж, хоёр ард түмэнд үр ашгийг хүртээгээд зогсохгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ч ач холбогдол үзүүлж байгаа юм. Хятадын тал Филиппиний талтай уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, үүрдийн сайн хөрш, сайн анд, сайн түнш байж хамтаар цэцэглэн хөгжихийг хүсч байна гэжээ.

Ши Жиньпин, “Хоёр тал иж бүрэн стратегийн түншийн харилцаа байгуулах болсон нь хоёр ард түмний хүлээлт байсан бөгөөд хоёр талт харилцааны хөгжлийн зайлшгүй шаардлага юм. Бид олон шат давхаргад харилцааг бий болгож, стратегийн итгэлцлээ гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хоёр тал аюулгүй байдал, хөгжил, нийгэм соёл гэх гурван тулгуур салбарын хамтын ажиллагаагаа илүү нягтруулах ёстой. Хятадын тал Филиппиний мансууруулах бодисын эсрэг болон терроризмын эсрэг үйл ажиллагааг дэмжиж, Филиппиний ядуурлыг бууруулах зэрэг төслийг боломжийнхоо хэрээр дэмжиж, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болно. Филиппин бол Хятадын “Нэг бүс-Нэг зам”-ын чухал түнш, хоёр тал “Нэг бүс-Нэг зам” болон Филиппиний хөгжлийн стратегийн уялдаа холбоог нэмэгдүүлж, дэд бүтэц, цахилгаан холбоо, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй юм гэж цохон тэмдэглэжээ.

Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар “БНХАУ-ын Засгийн газар болон Филиппиний Засгийн газрын “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулах санамж бичиг”, “БНХАУ-ын Засгийн газар болон Филиппиний Засгийн газрын газрын тос олборлох хамтын ажиллагааны санамж бичиг” зэрэг хамтын ажиллагааны олон бичиг баримтад гарын үсэг зурах ёслолд оролцож, сэтгүүлчидтэй уулзав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123744946