
Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын Өвөрхангай аймгийн ЗДТГ, Монгол Улсын ДБЭТ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв зэрэг байгууллагууд хамтран тус ойн хүрээнд Хятадын соёл, түүхийг Монгол Улсын ард иргэдэд танилцуулах зорилгоор “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээг энэ сарын 27-29-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулж байна.


Энэхүү өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 27-нд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод болсон юм. Нээлтийн арга хэмжээг нээн Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд үг хэлэв. Тэрээр, “Энэхүү арга хэмжээ нь Арвайхээр, Хужирт, Хархорин суманд 3 өдөр зохион байгуулагдана. Энэ хүрээнд Хятадын уран бүтээлчдийн тоглолтыг олон нийтэд үзүүлэх, Хятадын үзэсгэлэнт байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн ажиллуулах, хүүхдүүдэд ном зохиол бэлэглэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Хятад улс бол гадаадын жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа том гүрэн юм. Энэ утгаараа “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээг манай аймагт зохион байгуулж байгаа нь бидний хувьд том аз завшаан юм. Цаашдаа аялал жуулчлалын чиглэлээр Хятад улстай хамтарч ажиллах нь бидний зорилго. Өвөрхангай аймаг нь “Нэг бүс-Нэг зам”-ын хүрээнд Хятад улсын Фүжянь, Гүйжөү зэрэг мужтай аялал жуулчлал, ХАА салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ ажлууд маань ажил хэрэг болж буйд талархаж байна” гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн тэргүүн Ли Вэй, “Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминг төлөөлөн үзэсгэлэнт Өвөрхангай аймагт хүрэлцэн ирж “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Бид энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсын ард түмэнд Хятад улсыг таниулж байгаа төдийгүй аялал жуулчлал, соёлын энэ ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд түлхэц болж байгаа юм. Соёлын өдөрлөгийн үр дүнд Хятад улсын соёл, түүх, аялал жуулчлалын талаар Өвөрхангайчууд улам илүү ойлголттой болно гэдэгт итгэж байна” гэжээ.

Тус өдөрлөгийн нээлт болохоос өмнө Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд зэрэг орон нутгийн удирдлагууд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн тэргүүн Ли Вэй тэргүүтэй Хятадын талын төлөөлөчидтэй уулзаж, хоёр талын аялал жуулчлал, соёлын харилцаа, цаашдын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо солилцжээ.
Мөн үеэр хоёр талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн тэргүүн Ли Вэй, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн менежер Б.Хурцбаатар, Монголын талаас Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхцэцэг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Арвайхээр хотод болж буй эл арга хэмжээний хүрээнд “Үзэсгэлэнт Хятад орон” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятад ном хандивлах ёслолын ажиллагаа”, Хятадын уран бүтээлчдийн “Торгоны замын цэцгийн хур”, Монгол Улсын уран бүтээлчдийн урлагийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа. Зохион байгуулагч талын танилцуулснаар, “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ нь 28-29-нд Хужирт, Хархорин сумдад үргэлжлэн зохиогдоно.













Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль


