Ши Жиньпин Оросын хэвлэлд ярилцлага өгөв
2019-06-05 16:07:05 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ОХУ-д төрийн айлчлал хийж, Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXIII форумд оролцох гэж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 4-нд Оросын ТАСС агентлаг, Россия сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгснийг одоо та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе.

Асуулт: Та удахгүй ОХУ-д төрийн айлчлал хийж, Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXIII форумд оролцоно. Энэ жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, Хятад, Оросын харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн цаг үедээ байна гэдгийг та болон ерөнхийлөгч Путин олон удаа онцолсон. Тэгвэл хоёр орны харилцааны өнөөгийн ерөнхий төлөв байдлыг та юу гэж үзэж байна?

Хариулт: Ерөнхийлөгч Путиний урилгаар миний бие удалгүй ОХУ-д төрийн айлчлал хийж, Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXIII форумд оролцоно. Одоогоос 6 жилийн өмнө, би БНХАУ-ын даргаар сонгогдсоны дараа анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийж, ерөнхийлөгч Путиний хамт хоёр орны харилцааны шинэ хуудсыг сөхсөн юм. 6 жилийн турш, би 7 удаа ОХУ-д айлчлан, очих болгондоо хоёр орны ард түмний гүн зузаан найрамдлыг нотолж, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм. Өнөөдөр манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн чухал цаг үеийг угтан авч байгаа үеэр харилцааныхаа сайн сайхан ирээдүйг хүсэж, ОХУ-д дахин айлчлах гэж байна.

70 жилийн замналыг туулж, Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн цаг үедээ ирээд байна. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал асуудлаар харилцан дэмжиж ажиллаж байна. Хоёр тал дээд зиндааны хэлхээ холбоо, олон салбарын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, баялаг агуулгатай, стратегийн ач холбогдол бүхий иж бүрэн хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Фашизмын эсрэг тэмцэж явсан түүхэн он жилүүдэд хоёр ард түмэн гүн зузаан найрамдалтай болсон нь хоёр орны харилцааны тогтвортой хөгжилд иргэдийн сэтгэл санааны бат бөх үндэс суурь тавьж өгсөн юм. Олон улсын үйл хэрэгт хоёр тал үр ашигтай зохицуулалт хийж, олон улсын ээдрээтэй орчныг маш хүчтэй эерэг эрч хүчээр сэлбэж байна.

Түүхийн шинэ гараанд Хятад, Оросын харилцаанд хөгжлийн шинэ боломжууд тохиож байна. Хоёр орон хөгжлийн нийтлэг эрэлт хэрэгцээтэй, хоёр ард түмэн үе дамжсан найрамдалт харилцаатай байсан учраас хоёр орны харилцааг улам өндөр түвшинд хүргэж, улам хөгжсөн эрин үеийг угтан авна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Манай хоёр орон хөрштэйгөө түншилж, харилцан өмөг түшиг болох ёстой. Бид хамтын ажиллагаагаа нягтруулж, олон салбарт харилцан улам саадгүй холбогдон, хөгжлийн стратегиа улам сайн холбож, хөгжлийн ашиг сонирхлоо улам гүн давхаргад нэгтгэн, иргэдийн найрамдлыг улам бэхжүүлэх ёстой. Бид үргэлж шинийг санаачилж, цаг үетэй алхаагаа нэгтгэн, хамтын ажиллагааны цар хүрээгээ улам тэлэх замаар хоёр орны харилцааг байнга шинэлэг, эрч хүчтэй байлгах ёстой. Бид үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан, нийтэд хүртээмжтэй байж, олон улсын үйл хэрэгт улам их бүтээлч үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийг хамтдаа ахиулж, дэлхий нийтэд үр шимийг нь хүртээх ёстой.

Энэ удаагийн айлчлалаар ерөнхийлөгч Путиний хамт хоёр орны харилцааны хэтийн төлөвийг тодорхойлж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ эринд оруулахыг хүсэж байна.   

Асуулт: Хятад бол ОХУ-ын хамгийн том худалдааны түнш, Хятад, Орос хоёр талын худалдааны хэмжээ энэ онд ямар түвшинд хүрэх шинжтэй байна вэ? Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны салбарт аль аль төсөл хамгийн их хэтийн төлөвтэй вэ? Хятадын тал ямар арга хэмжээ авч хоёр орны орон нутгийн эдийн засаг, худалдааны хэлхээ холбоог эрчимжүүлэх гэж байна? Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд ямар асуудал байгаа гэж та үзэж байна?

Хариулт: Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол Хятад, Оросын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг, хоёр орны хамтдаа хөгжих чухал баталгаа юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өдөр ирэх тусам гүнзгийрч баялаг үр дүнд хүрч, улс орон хоорондын харилцан ашигтай хамтдаа ашиг олох үлгэр жишээ болсон. 2018 онд хоёр талын худалдааны хэмжээ 100 тэрбум ам.долларт хүрч, түүхэн рекорд тогтоолоо. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт буурч байгаа, худалдааг ивээх үзэл газар авч буй өнөөгийн ээдрээтэй нөхцөлд, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа илэрхий амжилтад хүрсэн нь ихээхэн үнэ цэнэтэй боллоо. Хоёр орны засгийн газар идэвхтэй арга хэмжээ авч хоёр талын худалдааны хэмжээг улам өндөр түвшинд хүргэж, хоёр талын худалдааны чансаатай хөгжлийг ахиулна.

Хятад, Орос хоёр орны эрчим хүч, зам харилцаа, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, сансар судлалын салбарт хамтын ажиллагааны чухал төслүүд тогтвортой хэрэгжиж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжлийн замд орж, сайн сайхан хэтийн төлөвтэй байна.

Орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хувьд хоёр орны орон нутгууд 2018-2019 оны Хятад, Оросын орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны жилийн боломжийг ашиглан Хятадын олон улсын импортын экспо зэрэг эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны индэр, "Зүүн Хойд Ази-Алс Дорнод”, "Хөх мөрөн-Волга мөрөн" зэрэг орон нутгийн хамтын ажиллагааны индрийг ашиглан, нягт хэлхээ холбоотой байж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг бүтээлч хамтын ажиллагаагаа тогтвортой ахиулж байна.

Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд зарим бодитой асуудал бий. Эдгээр асуудал хоёр орны хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, харилцан улам уялдаатай болохыг дагалдан бий болсон юм. Эдгээр асуудлыг зохицуулах үр ашигтай арга зам бол үзэл бодлоо чөлөөлж, олон арга замаар хамтын ажиллагааны салбараа тасралтгүй өргөжүүлэн, хамтын ажиллагааны нөөц хүчийг дайчилж, харилцан хөрөнгө оруулалт, зах зээлд орох зөвшөөрлийг өргөтгөн, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах түвшнээ дээшлүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, цахим худалдаа, үйлчилгээний худалдаа зэрэг салбарын хөгжлийг ахиулан, хоёр талын хамтын ашиг сонирхлын бялууг улам томруулж, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлэн, луам өндөр шатанд гарах хэрэгтэй.

Асуулт: -Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг та хэрхэн үнэлж байна?

Хариулт: БНХАУ байгуулагдсанаас хойш 70 жилийн хугацаанд, ялангуяа өөрчлөлт нээлтийн 40 жил Хятадын эдийн засгийн хөгжил гайхалтай амжилтад хүрсэн. Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болж, аж үйлдвэр, бараа бүтээгдэхүүний худалдаа, гадаад валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байна. 2018 онд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 90 их наяд юаньд хүрч, хүн нэг бүрд ногдох ДНБ-ий хэмжээ ойролцоогоор 10 мянган ам доллар, эдийн засгийн өсөлт 6.6 хувьтай байгаа нь дэлхийд тэргүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд ойролцоогоор 30 хувийн хувь нэмэр оруулсан.

Он гарснаас хойш дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй нөхцөлд Хятадын эдийн засаг сайн эхлэлтэй, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд ерөнхийдөө хэвийн байна. Эхний улиралд ДНБ 6.4 хувиар өсч, эдийн засгийн өсөлт 14 улирал дараалан 6.4-6.8-ийн хооронд байж, сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлтөө хадгалж, дотоодын хэрэглээ эдийн засгийн өсөлтөд гол үүрэг гүйцэтгэж байна. Ажил эрхлэлт нэмэгдэж, эхний дөрвөн сард хот суурины хөдөлмөр эрхлэгчдийн тоо 4 сая 590 мянгаар нэмэгдэж, оршин суугчдын орлогын өсөлт эдийн засгийн өсөлтөөс түргэн байлаа. Барааны үнэ ерөнхийдөө тогтвортой, оршин суугчдын хэрэглээний үнэ 2 хувиар нэмэгдлээ. Экспорт, импортын нийт хэмжээ 4.3 хувиар өсч, гадаад валютын нөөц 3 их наяд гаруй ам.доллар хэвээр байна. Мөн Хятадын эдийн засгийн бүтэц сайжирч, хөгжлийн арга хэлбэр өөрчлөгдөн, чанар, үр ашиг сайжирч, тогтвортой, эерэг хандлага улам бүр тодорхой болж байна.

Тогтвортой, урт хугацаанд эерэг хандлагатай байх нь Хятадын эдийн засгийн өөрчлөгдөшгүй ерөнхий хандлага боллоо. Ирээдүйгээ харахад, Хятадын эдийн засаг эрүүл, тогтвортой хөгжих нөхцөл боломж хангалттай бий. Нэгд, нөөц боломж. Хятад улс 1.4 тэрбум хүн амтай, 900 сая ажиллах хүч, 170 сая дээд боловсролтой, чадварлаг боловсон хүчинтэй. Хоёрт, дотоод хөдөлгөгч хүч. Хятадын эдийн засгийн өсөлт дотоод хэрэглээнд тулгуурладаг. 2018 онд дотоод хэрэглээ эдийн засгийн өсөлтөд 108.6 хувийн хувь нэмэр орууллаа. Хятадын судалгааны хөрөнгө оруулалтын хэмжээ дэлхийд 2-рт ордог бөгөөд нийт эдийн засгийн хэмжээний 2.18 хувийг эзэлж байна. Дөрөвт, Хятадын макро зохицуулалтын хүчин чадал. ХКН-ын удирдлага, ард түмний эв нэгдэлд тулгуурласан, өөрчлөлт нээлтийн хурдацтай хөгжлөөр хуримтлагдсан материаллаг болон технологийн үндэс суурьтай, макро зохицуулалтын баялаг туршлагатай. Төрөл бүрийн эрсдлийг даван туулах итгэл найдвар, нөхцөл боломж бидэнд хангалттай бий гэжээ.

Асуулт: Та өнгөрсөн 4-р сард “Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтыг амжилттай даргалсан. Та Европ, Азийн эдийн засгийн нэгдсэн холбоо, "Нэг бүс-Нэг зам" санаачилгыг харилцан уялдуулах хэтийн төлөвийн тухай ямар үзэл бодолтой вэ? Арктикийн тээврийн замын хөгжлийн нөөц, Бүс ба замыг хамтдаа байгуулах ач холбогдлыг хэрхэн үнэлэх вэ? Хятадын тал Арктикийн тээврийн замын хөгжлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад хэрхэн оролцох вэ?

Хариулт: Хятадын тал Нэг бүс-Нэг замыг хамтдаа байгуулах санаачилга дэвшүүлсний зорилго бол дэд бүтцээр холбогдож, ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хүн төрөлхтөнд тулгарч буй олон эрсдэл, өрсөлдөөн сорилтыг хамтдаа зохицуулж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрч, хамтдаа хөгжихийн төлөө юм. Энэ оны 4-р сард Бээжинд "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, талууд холбогдох асуудлаар санал бодлоо солилцон, хамтын ажиллагааны үзэл баримтлалаа боловсронгуй болгож, хамтын ажиллагааг баталгаажуулан, хамтын ажиллагааны тогтолцоог эрчимжүүлж, чанарын өндөр төвшинд Нэг бүс-Нэг замыг хамтдаа байгуулах тухай өргөн хэмжээнд нийтлэг ойлголтод хүрсэн. Миний урилгаар ерөнхийлөгч Путин хоёр удаа Хятадад ирж "Нэг бүс-Нэг зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцлоо. Хятадын тал үүнийг өндрөөр үнэлж байна.

"Нэг бүс-Нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах, Европ, Азийн эдийн засгийн нэгдсэн холбоо бүгд тус тусын улс орон, бүс нутгийг хөгжүүлэх, бүс нутгийн нээлттэй хамтын ажиллагааг ахиулахын төлөө хүчин зүтгэж байна. Хоёр тал маш олон хамтын ажиллагааны салбарт нийтлэг ашиг сонирхолтой. 2015 оны 5-р сард, ерөнхийлөгч Путин бид хоёр "Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт, Европ, Азийн эдийн засгийн нэгдсэн холбооны бүтээн байгуулалтыг харилцан уялдуулах хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурж, харилцан уялдуулах хамтын ажиллагааны замыг нээсэн юм. Дараачийн шатанд бид Оросын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан дэмжиж, харилцан ахиулж, "Европ, Азийн эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээр"-ийг идэвхтэй ахиулан, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг улам хялбарчилж, хоёр орны хөгжил, бүс нутгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулна.

Арктикийн тээврийн замыг нээж хөгжүүлж, ашиглах нь Нэг бүс-Нэг зам бүтээн байгуулалтыг Европ, Азийн эдийн засгийн нэгдсэн холбооны хамтын ажиллагаатай уялдуулахад шинэ боломж нээж, шинэ индэр нэмэн, шинэ эрч хүчээр сэлбэсэн бөгөөд Хятад, Орос хоёр орон, холбогдох олон талыг дэд бүтцээр холбох, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхэд ашигтай юм. Аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах нь Арктикийн тээврийн замын бүтээн байгуулалтад маш чухал юм. Хятадын тал Хятадын холбогдох аж ахуйн нэгжүүд оролцохыг сайшаах бөгөөд тээврийн бизнесийн үйл ажиллагаа, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэн бодит хувь нэмэр оруулна.

Асуулт: Та Хятад, Оросын БРИКС, ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаа, БРИКС, ШХАБ-ын цаашдын хөгжлийг хэрхэн үзэж байгаа вэ?

Хариулт: 10 гаруй жилд, БРИКС-ийн орнууд нээлттэй хамтран ажиллаж, хамтдаа хөгжих БРИКС-ийн үзэл санааг баримтлан, эдийн засаг, худалдаа, санхүү, улс төрийн аюулгүй байдал, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэгт идэвхтэй, тогтвортой, бүтээлч, чухал хүчин болсон юм. БРИКС-ийн орнууд дэлхийн хөгжлийн зөв чиг хандлагыг төлөөлж, хамтын ажиллагааны зам нь улам дардан болж, ирээдүйдээ итгэл дүүрэн байгааг практик харуулж байна.

ОХУ бол БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтын эх нутаг юм. 2009 онд БРИКС-ийн удирдагчид Екатеринбургт анхны уулзалтаа хийж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны түүхийг эхлүүлсэн. 2015 онд, БРИКС-ийн орнуудын удирдагчид Уфагийн уулзалтаар "БРИКС-ийн орнуудын эдийн засгийн түншлэлийн стратеги"-ийг баталсан нь 5 орны эдийн засгийн хамтын ажиллагааны хөшөө дурсгал болсон.

Бид эх газрын өөр өөр нутагт амьдардаг ч эдийн засгаа хөгжүүлэх, ард түмнээ сайхан амьдруулах гэсэн хүсэл мөрөөдөл, олон улсын болон бүс нутгийн хүрээнд улам их үүрэг гүйцэтгэх хүсэл эрмэлзлийн дагуу хамтран ажиллаж эхэлсэн юм.

Хятад, Орос хоёр орон бол стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түнш, хоёулаа БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны чухал түнш билээ. Хоёр тал БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд нягт харилцаа холбоотой ажилласаар ирлээ. ОХУ ирэх жил БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны даргаар ажиллана. Хятадын тал Оростой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, даргалагч орон бүхэн хүчин чармайлтаа үргэлжлүүлж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг тасралтгүй, улам их үр дүнд хүргэж, 5 орны ард түмэнд улам үр өгөөжтэй байлгаж, дэлхийн энх тайван хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг хүсэж байна.

ШХАБ бол Хятад, Орос хоёр орны олон улсын шинэ хэлбэрийн харилцаа тогтоохоор хичээн зүтгэж байгаагийн амжилттай туршлага, өгөөжтэй индэр юм. ШХАБ байгуулагдсан 18 жилд, Хятад, Орос хоёр орон харилцаа, хамтын ажиллагаагаа нягтруулж, байгууллагыг хамтдаа тасралтгүй хөгжүүлэн хүчирхэгжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан. Миний үзэж байгаагаар, хоёр орны ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаанд дараах хэдэн онцлог бий. Тухайлбал: Нэгд: "ШХАБ-ын үзэл санаа"-г баримталдаг. Харилцан итгэж, харилцан ашигтай, эрх тэгш зөвшилцөн, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэж, хамтын хөгжлийн замыг хайх "ШХАБ-ын үзэл санаа" бол ШХАБ-ын гол үзэл баримтлал юм. Хоёрт: Гишүүн орнуудын аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг ахиулахад анхаарал хандуулдаг.

Гуравт: ШХАБ-ын олон улс дахь нэр нөлөөг өргөжүүлэхэд анхаарал тавьдаг гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124586400